Цол нь багадаж, авьяас нь ихэдсэн хүчтэн
Огноо: 2007-12-21 17:39:34
Монгол Улсын өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай начин Доржпаламын Ганхуягийг ийн нэрлэж болох. Болох гэж, хүн бүр л ингэж ярьдаг. Хүчит начингийн цол, гуншинг дуудвал мэдэхгүй хүн яг ямар төрлийн тамирчин гэдэгт нь эргэлзэж, хэдэн хүний тухай яриад байна гэж төөрөлдөх нь лав.
2000 оны улсын баяр наадамд дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж начин цол хүртсэн тэрбээр 1024 бөх барилдсан дараа жилийнх нь наадмаар шөвгөрөх даваанд Увс аймгийн арслан А.Эрхэмбаярт бүдрэн цолоо батлах, ахиулах боломжоо алдаж байлаа.
Харин 2002 онд өмнөх жилийн начин, өдгөөгийн улсын заан Д.Рагчаатай тавын даваанд тунан барилдаж давснаар цолоо батлан, эхний чимгээ авсан билээ. Зургаад тэр наадмын түрүү бөх Г.Өсөхбаяр заанд амлуулан унасан. Анх улсад тав давчихаад мөн хүчтэй заан Д.Сумьяабазарын аманд очин өвдөг шороодож байв.
2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын наадмын даваа бүрийг цолтой болгож, харцага, гарьд цолыг нэмсэн нь их шөвөгт шалгарч байж дараагийн цолдоо хүрэх хүндхэн даалгаврыг хөнгөлж өгсөн. 2005 онд улсын цолд ойрхон бөх хэмээгдэн ард олныхоо итгэлийг өвөрлөн явсан өсөх ирээдүйтэй аймгийн арслан Н.Ганбаатарыг тавын даваанд долоон хүнээс амлан хаяж, начингийн босго өндөр гэдгийн мэдрүүлсэн. Харин өөрөө цолоо ахиулах даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэд дийлдэж байлаа.
2006 он. Түүхэн их ой давхацсан жилийн илүү даваатай наадамд хүн бүр л цол авчих, цолоо ахиулчих зорилго өвөрлөн зодоглосон нь лав. До.Ганхуяг начин тавын даваанд улсын наадмын дэвжээнд анх удаа хүч үзсэн, энэ жилийн баяр наадмаар начин цол хүртсэн аймгийн арслан Л.Гантулгыг хаяж, дөрөв дэхээ шөвгөрлөө. Зургаад Д.Азжаргал начин тэр хоёрыг хэн ч амлалгүй үлдээв. Давсан нь харцага цолны болзол хангах хариуцлагатай барилдаанд хүч тэнцүү өрсөлдөгчид үндсэн цагт хаялцсангүй. Энэ наадмаар аз нь гийж, улсын арслан цол хүртсэн Д.Азжаргал учраадаа барьц алдсан ч унахгүй байх аргад дадмаг суралцжээ.
Тэрбээр чөлөөт бөхийн хүнд жинд Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар нартай ширүүн тэмцэлдэж, Монголд төдийлэн хөгжөөгүй сонгомол барилдаанд таван оноогоор буулгахыг бусдаас дадмаг хийн аль алинаар нь улсын аварга болсон. 1990-ээд оны төгсгөлд МСБХ-ны лигт “Генералууд”-ын бүрэлдэхүүнд багтан Ц.Шаравжамц нарын Монголын шилдэг сагсан бөмбөгчидтэй эн тэнцүү өрсөлдөж явсныг тухайн үед лигийг шимтэн үзэгсэд тод санаж буй биз ээ.
Жин нэмээд чөлөөт, сонгомлын хамгийн хүнд 120 кг-д орж чадахгүй болсноос хойш дээшээ хязгааргүй самбо, жүдог сонгов. Ингэхдээ зүгээр нэг сонирхогч биш, шинэхэн элссэн “фронт”-доо хүчтэй өрсөлдөгчдийн нэг болж чадсан. Саяхан манай оронд болсон кураш бөхийн ДАШТ-д түрүүлэн, үүний дараахан Чехийн Прагт самбо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн улсдаа төдийгүй дэлхийн тавцанд амжилт гаргалаа. Урьд нь тэрбээр чөлөөт бөхөөр оюутны ДАШТ-ий мөнгөн медальд хүрсэн.
Хүчит гарьд Ц.Цэрэнпунцагийн Монголд нэвтрүүлэн хөгжүүлж буй регбид бөхчүүд цөөнгүй орсон. Үүний нэг нь мөнөөх л авьяасын цуглуулга До.Ганхуяг начин. Бөхчүүд голдуу Монголын шигшээ баг “Хубилай хаан” нэрээр Зүүн өмнөд Азийн орнуудаар хэд хэдэн олон улсын тэмцээнд оролцож, зарим нэгд нь медалийн төлөө тоглоод амжсан. Үүний нэг Хонконгод болсон тэмцээнд “бор” начин шилдэг тоглогчийн шагнал хүртэн цуглуулгаа, гуншингаа арвижуулсан түүхтэй.
Тулааны шоу газар авч, жилд хэд хэдэн удаа өндөр шагналтай тэмцээн болдог байсан үед үзэгчдийг татах гол хүч нь бөхчүүд байлаа. Харцага Г.Ганхуяг, начин Б.Одхүүгээс эхлээд цөөнгүй бөх нударгаараа тэмцэлдэж, гадна, дотны мэргэжилтнүүд тэднийг энэ чиглэлээр дагнавал амжилтад хүрнэ хэмээн магтацгааж байв. Тухайн үед ийн үнэлэгдэж, Монголд босоо байсан Б.Одхүү начныг анх ялсан нь До.Ганхуяг начин юм.
Залуу начингийн олонд илэрсэн авьяасыг нь товчхон дурдсан нь энэ. Магадгүй үүний цаана түмэнд таниулаагүй нь бүр ч их байж мэднэ. Шатар нүүж, туйван өргөн, цанаар гулгах гээд. Ямартай ч түүн шиг олон төрлийг хослуулан хичээллэж, тэр бүртээ амжилт гаргасан хүн ховор бөлгөө.
Єнєєдєр сонин
(2007-12-20)
|
|
Энэ нийтлэлийн эх сурвалж Монгол Бөхийн Мэдээллийн Төв

Мэдээний URL:
http://www.mongolbukh.mn/modules.php?name=News&file=article&sid=251
|